"Буриад судлал - 1" эрдэм шинжилгээний сэтгүүл ¹1 (001)

"БУРИАД СУДЛАЛ - 1" (Энэхүү сэтгүүлийн эхийг үзэхийн тулд дараах товчин дээр дарна уу. М.О)  эрдэм шинжилгээний сэтгүүлийн анхны дугаарыг та бүхэнд онлайн хэлбэрээр хүргэж байна. Манай Академиас эрхлэн хэвлүүлсэн тус сэтгүүлийн анхны дугаар нь 2008 оны 6-р сарын 20-нд хэвлэгдсэн бөгөөд өнөөдөр олдоц ховор номын нэг болжээ. Тийм учраас бид тус сэтгүүлийн онлайн эхийг та бүхэнд толилуулахаар оруулж байна.

Буриад Судлалын Академи

Дэлгэрэнгүй   Сэтгэгдэл (4)

ОНЛАЙН БУЮУ ЦАХИМ СЭТГҮҮЛЗҮЙ"
хичээлийн лекц, гарын авлага

Онлайн сэтгүүлзүй гэж юу вэ?

Дөрөвдүгээр хэсэг


Интернэт хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох нь

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл технологийн хөгжлийн үр дүнд байнга өөрчлөгдөн шинэчлэгдсээр ирсэн билээ. Номны дараа сонин сэтгүүл гарч, дараа нь радио телевиз улмаар сателлит сүлжээ бий боллоо.

Өндөр хурдацтай хөгжиж буй мэдээлэл холбооны технологи дэлхий даяар хэвлэл мэдээллийн салбарт урьд өмнө байгаагүй их өөрчлөлт хийж байна. Интернэтийн сүлжээ дэлхий даяар өргөн хэрэглэгдэх болсон цагаас хойш түүний хэвлэл мэдээлэлд гүйцэтгэх үүрэг улам бүр өссөөр байна. Радио, телевиз хэзээ нэгэн цагт буй болж, хэвлэл мэдээллийн ертөнцөд хувьсгалт эргэлт хийж байсны нэгэн адил Интернэт өнөөдөр шив шинэ үеийг нээж байна. Энэ нь харьцангуй хямд үнээр мэдээллийг үй түмэн хүнд нэгэн зэрэг цаг алдалгүй хүргэх боломж, интерактив харьцаа, хязгааргүй орон зайг хэвлэл мэдээллийн байгууллагууд болон жирийн иргэдэд олгож байна. Сүүлийн 10 гаруй жилийн дотор том хотоос эхлээд зах хязгаарын бөглүү тосгоныг хүртэл холбосон компьютерийн сүлжээ буй болсон нь асар их боломжийг нээсэн юм. Энэхүү сүлжээгээр дамжуулан дурын хүн жирийн текстнээс эхлээд кино, зураг үзэж, дуу сонсох бүрэн боломжоор хангагдаж байна.

Интернэтийг өнөөдөр хэвлэл мэдээллийн шинэ хэрэгсэл (new media) гэж дэлхий даяар хүлээн зөвшөөрч байна. Интернэт, Вэб нь дан ганцаараа хэвлэл мэдээллийн шинэ хэрэгсэл болоод зогсохгүй хэвлэл мэдээллийн бусад хэрэгелүүдийг хооронд нь холбон нэгтгэх их үйл явц явагдаж байна. Өөрөөр хэлбэл өнөөдөр уламжлалт цаасан сонингийн материал Интернэтийн Вэб хуудсанд байрлаад зогсохгүй үүн дээр нэмэгдэж, радио телевизийн мэдээлэл ч мөн хамт нэг дор байрлах нь гайхмаар зүйл биш болжээ.

Парис хотод амьдрагч эмэгтэй онлайн рекламуудыг харж суунгаа насан туршийн мөрөөдөл болж байсан төгөлдөр хуураа Шведийн онлайн сонины зарлалын хэсгээс олж авчээ. Нью-Йоркийн салхитай орой гэр орноо санагалзан сууж байсан Аргентин залуу компьютерийнхээ дэлгэцнээс Буэнос-Айросын гудамжинд мөхөөлдөс идэж буй бяцхан охины зургийг үзэж сэтгэлээ баясгажээ. Шведийн "Гутенберг Пост" сонин, Аргентины "Кларин" сонинууд энэ боломжийг олгожээ. Энэ бол зөвхөн гадаадынханд тохиолдсон зуйл бус Монголчууд бид ч гэсэн Интернэтийн ачаар мэдээллийг улам бүр түргэн шуурхай солилцох боломжтой болоод байна. Энэ зуны наадмын уеэр гадаад орнуудад амьдарч буй залуучууд интернэтээр дамжуулан бөхийн барилдааны зургийг үзэж, наадам хөтлөгчийн тайлбарыг сонсож, уртын дууны сайхан аялгуунд хөх тэнгэрт эх нутгаа санагалзсанаа Цахим өртөө сүлжээгээр дамжуулан ярилцаж байлаа. Олон зуун Монголчууд Монголиа Онлайн вэб хуудсан дээр өдөр бүр солигдох Улаанбаатарын фото зургийг харж сэтгэлээ баясгадаг билээ. Өнөөдөр манай оронд компьютер техникийн бололцоо хүн бүрт харилцан адилгүй байдагтай холбоотойгоор Интернэт рүү тэр бүр орох боломжгүй байдаг билээ. Харин алс хол ажиллаж амьдарч байгаа хүмүүсийн хувьд мэдээлэл авах гол суваг нь интернэт болоод байгаа гэдэгтэй олон хүн санаа нэгдэх бизээ. Интернэтэд байрлуулсан өдөр тутмын сонинууд болон бие даасан цахим сонинууд Монгол оронд болж буй үйл явдлуудын талаар эх нутаг нэгтнүүддээ мэдээллийг шуурхай хүргэж байна. Энэ бол өнөөдөр манайд интернэтийн технологи, онлайн сэтгүүлзүй хурдацтай хөгжиж буйн дохио яах аргагуй мөн билээ.

Мэдээллиин шинэ хэрэгсэл буюу интернэтийн өмнөх хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс ялгагдах гол онцлог нь мэдээллийг тоожуулсан хэлбэрт (digitalization) оруулж буйтай холбоотой юм. Тоон технологийн ачаар текст, дуу, зураг ямар ч мэдээлэл хоёртын тооллын системд шилжиж, ингэснээрээ мэдээллийг үйлдвэрлэх, түгээх, хадгалахад их хялбар болж буй юм. Шинэ хэвлэл мэдээллийн өөр нэг чухал шинж нь олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийг хооронд нь мэдээллийг зохион байгуулах, түгээх, хүлээн авах, зохицуулах үүднээс уусган нийлүүлж байгаа явц (соnvergence) юм.

Электрон мэдээлэл нь одоо байгаа хэвлэл мэдээллийн хэрэгелийг орлох бус харин түүн дээр нэмэгдэж байгаагаараа онцлог юм. Шинэ хэвлэл мэдээллийн хэрэгсэл гарах бүрт уламжлалт мэдээллийн хэрэгслүүд их болгоомжилдог нь түүхийн явцад олон удаа давтагдаж байжээ.
1960-аад оны эхээр дэлхий даяар алдар нэрийг хүртсэн Канадын эрдэмтэн Маршал Мак Луйн электрон хэвлэлийн талаар гүнзгий ойлгож, шинэ хэвлэл мэдээллийн хэрэгсэл нийгмийн харилцаа, соёлд нөлөөлөх тухай онол дэвшүүлжзэ. Мак Луйн 1964 онд бичсэн "Мэдээллийн хэрэгслийг ойлгох нь" хэмээх алдарт номондоо шинээр гарч ирж буй хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь дамжуулж буй мэдээллээсээ илүүтэйгээр өөрөө их мэдээллийг агуулна гэж бичжээ. Өөрөөр хэлбэл, шинэ мэдээллийн хэрэгсэл дамжуулж буй мэдээллээсээ илүүтэйгээр нийгэм, соёлд өөрчлөлт оруулах ач холбогдолтой гэдэг нь түүний санаа юм. Мак Луйн анх удаа global village буюу даяарчилсан тосгон гэдэг хэллэгийг шинжлэх ухаанд оруулж ирсэн бөгөөд энэ нь өнөөгийн дэлхий дахины нийгмийн харилцаа, мэдээллийн харилцааг тодорхойлох түлхүүр үгсийн нэг болоод байна. Мак Луйны хувьд даяарчилсан тосгон гэдэг нь электрон хэвлэл гарч ирснээр дэлхий даяар нийгэм, улс төр, соёлын нэгдсэн нэг системд шилжинз гэсэн үг байв. Өнөөдөр та бид глобалчлалын үед амьдарч байгаа нь үүний нэг тод илрэл байж болох юм. Мак Луйн Интернэт, Вэб технологийн талаар сураг ч үгүй байсан үед өөрийн онолоо дэвшүүлж байсан нь олон хүний гайхлыг төрүүлдэг байна.

Дэлгэрэнгүй   Сэтгэгдэл (1)

Нийгмийн тухай ирээдүйн төсөөлөл зөгнөлт зохиолд

Шинжлэх ухааны зөгнөлт зохиолд ирээдүйн нийгмийн шинжлэх ухаан, техникийн хөгжил дэвшлийг дүрслэн үзүүлэхээс гадна өргөн хүрээтэй тусгагдаж хүмүүсийн хүсэл эрмэлзэл мөн чанарыг тодорхойлдог зүйл нь хэтийн буюу ирээдүйн нийгэм, түүний философи үндэс, хүмүүсийнх нь ёс суртахуун, гоо зүйн төвшин ямар байж болох вэ? гэсэн асуулт юм. Зөгнөлт зохиол нь уг асуултын өөрийн гэсэн өнгө аяс бүхий өвөрмөц хариулт болж чадвал сая сайн бүтээл болж болох юм.

Монголын зөгнөлт зохиолчдын бүтээл ч гэсэн энэ зарчмаар бүтээгдсэн боловч зохиол бичигдсэн цаг хугацаа, нийгмийн байгуулал, тухайн улс орны хөгжлийн төвшин нь зохиолчийн уран бүтээлд шууд нөлөөлдөг ажээ.

Шинжлэх ухааны зөгнөлт зохиолд 1920-иод оноос нэгэн шинэ чиглэл орж ирсэн нь нийгмийн шинжлэх ухааны зөгнөл юм. Энэ нь шинжлэх ухаан шууд үйлдвэрлэх хүчин болсон одоо үед түүний ололт амжилт нь хүн төрөлхтний хөгжилд асар хүчтэй нөлөөлөх болж сайн сайхан хүсэл эрмэлзлийг ч сэтгэл зовоосон түгшүүрийг ч төрүүлэх болсон ба шинжлэх ухаан, техникийн ололт амжилтыг зөв ашиглавал ямар сайхан нөлөө үзүүлэх, буруу ашиглавал ямар гай гамшгийг учруулах тухай бичих болсонтой холбоотой үүссэн хэлбэр юм.

Өнгөрсөн зуун бол хүн төрөлхтний хувьд үзэл санааны асар их тэмцлийн зуун байлаа. Түүний үрээр зөгнөлт зохиолд ч энэ үзэл санаа маш хүчтэй нөлөөлсөн юм. Тийм учраас Зөвлөлт, Монгол гэх мэт социалист орны зөгнөгчдийн бүтээлд ирээдүйн коммунист нийгэм, эв хамтын оронд жаргалтай амьдрах тухай төсөөлөл давамгайлж байв. Судлаач А.Нейтак "Манай эх орны /Орос/ уран зөгнөлд шинэ долгио гэгч байгаагүй. Манайд зогсонги байдал зонхилж коммунист нийгмийн хүний тухай нэг загварын дүрийг үзүүлсэн зохиолыг олон хувь хэвлэн гаргадаг байлаа..."/Н-10-7/ гэж бичсэн бөгөөд манайд ч гэсэн мөн адил байв. Энэ бол тухайн үеийн үзэл суртлын сүүдэр туссаны гэрч юм.

Нийгмийн шинжлэх ухааны зөгнөл бичихээс гадна ямар ч зөгнөлт зохиолд ирээдүйн нийгмийн дүр төрхийг зайлшгүй дүрслэн үзүүлдэг юм. Ингэхдээ хүн төрөлхтний ирээдүйн нийгмийн тухай бичихдээ өөрийн үеийн нийгмийн байгуулал, ёс суртахуун, ертөнцийг үзэх үзэл зэрэгтээ үндэслэн төгс төгөлдөр байж болох сайн сайхан цаг үе, эсвэл муу муухай бурангуй нийгмийг дүрслэн үзүүлдэг байна. Хүн зөгнөлт зохиолыг бичихдээ өөрийн амьдралын туршлага, үзэл бодол, ёс суртахуун, нийгмийн нөлөөлөл зэргээс хамаарч ирээдүйн нийгмийн тухай төсөөлөл нь тэрхүү нийгэм цаг үеийн шууд үргэлжлэл маягтайгаар зохиолчийн оюун санаанд тийм төсөөлөл буудаг байна.

Төсөөлөл гэдэг бол хувь хүн нийгэм дэх юмс үзэгдлийг үзэж харахдаа "толгойдоо буй болгосон зураглал юм" /Липманн, 1922/ гэж тодорхойлогддог тунгаан бодох үйл ажиллагаа юм./О-12-2/. Төсөөллийг хувь хүний болон бүлэг хамт олны гэж хоёр ангилна. Хувь хүний төсөөлөл нь аливаа хэлцэл тохиролцоогүйгээр тухайн хүнд өөрт нь бий болсон байдаг. Харин бүлэг хамт олны төсөөллийг нийгмээрээ хэлэлцэж тохирдог онцлогтой. Тийм учраас монголын зөгнөлт зохиолчдын хувьд ирээдүйн нийгмийн тухай төсөөлөл нь хувь хүнийхээс илүүтэйгээр бүлэг хамт олны төсөөллийн шинжтэй байна. Учир нь хүн төрөлхтний сайн сайхныг зөгнөнө гэдэг нь угаасаа олон нийтийн шинж чанартай байдагт оршино.

Ингэж ирээдүйн тухай төсөөлөх явдал нь хүмүүсийн оюун санаа, сэтгэхүйн нэгэн онцлог юм. Доктор, профессор С.Норовсамбуу "...Ирээдүйг урьдчилан харах явдал хүний сэтгэхүйн хамгийн чухал үүрэг, шинжлэх ухааны танин мэдэхүйн нэг зорилт байдаг билээ..."/Н-11-211/ гэж дүгнэсэн бөгөөд үүнээс үзэхэд ирээдүйн нийгмийг дүрслэн үзүүлдэг нь шинжлэх ухааны таамаглал биелэгдэх эсэхээс үл шалтгаалан уншигчдыг ирээдүйд итгэх итгэлээр жигүүрлэн, сайн сайханд итгэх сэтгэлийн тэнхээ олгодгоороо нийгмийн чухал ач холбогдолтой ажээ.

Зөгнөлт зохиолч Ж.Гал "Зөгнөлт зохиол түүний нийгмийн үүрэг" /1974/ өгүүлэлдээ "...Нийгмийн харилцан адилгүй байгуулал оршин байгаа одоо үед бүх зөгнөлт зохиол хүний ирээдүйн дүр зургийг зөв тусган харуулж чадахгүй байгаа бөгөөд хөрөнгөт ертөнцийн зарим зөгнөгчид эцсийн эцэст хүний хэт хөгжил өөрийгөө гарцаагүй булшлах шалтгаан болох мэт гаж санааг голчилдог болжээ. Үзэл суртлын зөв байр суурин дээр бүтээгдсэн манай үеийн шинжлэх ухаан, техник нийгмийн тухай аливаа уран зөгнөл нь уран зохиолын бусад салбаруудын адилаар байгаль, нийгэм, хэл сэтгэхүйн тухай хүний оюун санааны санг баяжуулан ажил амьдралд нь хэрэг тус болохуйц хүмүүжүүлэх үүргийг гүйцэтгэнэ..."/Г-8-2/ гэж дурдсан нь монголын зөгнөлт зохиолд ирээдүйн нийгмийг өрөөсгөл талаар дүрсэлж байсныг ойлгоход дөхөмтэй байх болов уу. Мөн Орос /Зөвлөлтийн/-ын нэрт зөгнөлт зохиолч А.Беляев "...Зөгнөлт зохиолч хүн ирээдүйн нийгмийг дүрслэхдээ гайхамшигтай шинэ санаа сэдэж олох тун хэцүү. Ирээдүйн нийгэм, соёл, шинжлэх ухаан техник, ахуй амьдралын хэтийн төлөвийг дүрслэх явдал ангийн тэмцлийг үзүүлэхтэй нэгэн адил чухал юм..." /Г-8-2/ гэжээ. Дээрх хоёр санаа нь зохиолчдын оюун санаанд нийгэм цаг үе нөлөөлөхөөс гадна төсөөлөл нь тухайн үеийн амьдралын үндсэн дээр төрөн гардагийг баталж байна. Учир нь цоо шинэ гайхалтай нийгмийн тухай сэтгэж бичнэ гэдэг тун хэцүү ажил байдаг тул ямар нэгэн хэмжээгээр хуучин байсан зүйлээс үлгэр авах зайлшгүй шаардлагатай байдаг ажээ.

Нийгмийн оюун санаа, үзэл бодол өөрчлөгдөх нь хүний үзэл баримтлал өөрчлөгдөх нэг хүчин зүйл болдог ч асуудлын зөвхөн нэг л тал, өөр бусад хүчин зүйл ч зохиолчдын үзэл санаа, үнэт зүйлийг өөрчлөх нөхцөл, шалтгаан болж байдаг.

Хүн эцгээсээ илүү цаг үетэйгээ адилхан байдаг гэсэн үг байдаг. Тиймээс монголын зөгнөлт зохиолд дүрслэгдсэн нийгэм нь социализм, коммунизм болон капиталист нийгмийн зөрчил, тухайн цаг үеийн үзэл суртлын нөлөөгөөр зохиолчдын хэтийн нийгмийн тухай төсөөлөл нь явцуу үзэл сурталд хэтэрхий баригдсан, өөрсдийн амьдарч байсан цаг үе, ирээдүйд цогцлоон байгуулна гэж мөрөөдөж байсан коммунизмийг гэгээн гэрэлтэй, саруул сайны цогц, харин үзэл суртлаар хуваагдсан капитализмийг мөнхийн муу, муухай бузар бүхний үүр уурхай мэтээр буруу ташаа, хэт нэг талыг барьж дүрсэлсэн явдал элбэг байгаа нь тухайн зохиолчдын төсөөлөл нь хувь хүнийхээс илүүтэй нийгэм, хамт олны төсөөллийн шинжтэй байсныг харуулж байна. Үүнийг тухайн цаг үе нь хүмүүсийн үзэл бодлыг засварт оруулсантай холбон тайлбарлаж болно.

1990-ээд оны ардчилсан хувьсгалт өөрчлөлт нь нийгмийн амьдралыг үндсээр нь өөрчилж, хүмүүсийн оюун санаа, ухамсар, үзэл бодолд гүн тусаж, энэ үеэс зөгнөлт зохиолчид нийгмийн амьдралын тухай огт өөрөөр төсөөлдөг болсон нь тэдний сүүлийн үеийн зарим бүтээлээс харагдана. Социалист нийгмийн үед бичигдсэн олонх зохиолд ирээдүйн эв хамтын нийгмийн тухай, аз жаргалаар дүүрэн коммунизм байсан бол 1990-ээд оноос хойш ардчилсан нийгэм, даяаршлалын тухай төсөөллөөр солигджээ. Монгол болон гадаадын зөгнөлт зохиолуудад сүүлийн үед олонтоо дүрслэгдэх болсон даяаршлалын тухай одоогоос 30 гаруй жилийн өмнө Английн нэрт зөгнөлт зохиолч Артур Кларк "...100-200 жилийн дараа манай гаригийн зон олон нэг санаа, нэгдмэл хүчтэй болно гэж таамаглаж байна. Нэг нийгэм, нэг төр, магадгүй хэд хэдэн улсыг багтаасан холбоо тогтож болно..." /А-1-36/ гэж нэгэн ярилцлагандаа дурдсан нь нэлээд оновчтой, зөв төсөөлж байжээ гэж дүгнэх бололцоог өнөөгийн дэлхий нийтийн улс төрийн амьдрал харуулж байна.

Хэдийгээр бүх л зөгнөлт зохиолд дүрслэгдэж байгаа нийгэм нь нэр томьёо, үзэл онолын хувьд зөрөөтэй байгаа хэдий ч зөвхөн сайн сайхан сэтгэл, ахуй ялж, хүмүүс аз жаргалтай байх ёстой гэсэн өөдрөг нэгэн санаанд төвлөрч байдаг. Манай зөгнөгчид энэ журмаас гажаагүй юм.

Монголын зөгнөлт зохиолчдын нийгмийн тухай төсөөлөл ч гэсэн цаг үеэ даган өөрчлөгдөж байна. Зохиолч Ж.Гал, Д.Ойдов, Л.Түдэв нарын зохиолд энэ нь тодорхой харагдана. Зохиолч Ж.Галын "Хорт зэрэглээний оронд" /1988/, "Болор толийн нууц" /1973/ роман, "Ноён Девидсоны шийдвэр" /1985/, "Статен арлын хэрэг" /1970/, "Босго" /1991/ зэрэг туужууддаа социалист болон капиталист нийгмийн зөрчил тэмцэл, тэдний сайн муу талыг нээн гаргахыг оролдсон байдаг. Гэсэн хэдий ч социалист нийгэм нь төгс төгөлдөр, харин капиталист систем нь бүхэлдээ муу муухай, Америк бол мөнхийн капиталист гэдэг байдлаар өрөөсгөл дүрсэлсэн нь харагдана. Энэ төсөөлөл нь дээр хэлсэнчлэн үзэл суртлын шууд нөлөөний үр дүн юм. Гэтэл 1990 оны "Нийслэлийн сонин бичиг" сонинд өгсөн ярилцлагаас нь түүний үзэл бодол, нийгэмд хандах хандлага нь хэрхэн өөрчлөгдсөн нь харагдана. Тэрээр өмнө нь итгэж, үнэмшиж явсан үнэн буюу социализм нь нурж унасан тухай "...Бурхны зарлиг шиг л бодож явсан...Шашны нийгмийн үүргийг үгүйсгэж "хар тамхи" гэж зарласан. Хүнийг "чадлаар нь хийлгэж, хийснээр нь өгөх ч гэх шиг бүтэлгүй зарчмыг тунхагласан ... магадгүй. Тиймгүйсэн бол 70-хан жилд ингэж хямарчихгүйсэн. Энэ чинь эдийн засаг төдийгүй онол, улс төрийн хямрал л даа... Сталины социализм ч, Маогийн социализм ч үүнийг Ленинч байр суурьнаас хараагүй, эртний хаадынхаа империалист бодлогыг давтацгаасан..." /Г-8-5/ гэж хэлсэн нь нийгэм цаг үе өөрчлөгдөхөд үзэл бодол ч өөрчлөгдөсний гэрч юм. Магадгүй шинээр зохиол бичсэн бол даяаршлалын тухай ч юм уу өөр нэгэн нийгмийн байгууллын тухай бичих байсан гэдгийг итгэлтэйгээр хэлж болно.

Зөгнөлт зохиолч Д.Ойдов "Доктор Батаа гайхамшгийг судласан нь"/1988/, "Дахин заяасан тавилан"/1991/, "Алмасын үүрэнд"/1991/, "Шим үрэл"/1990/ зэрэг зөгнөлт туужууд болон "Аймшигт туршилт"/1995/ роман зэрэг зохиолуудыг нь харьцуулж үзэхэд үзэл бодол нь цаг хугацааны эрхээр хэрхэн өөрчлөгдөж, хэтийн нийгмийн тухай төсөөлөл нь шинэчлэгдсэнийг харж болно. Тухайлбал, "Шим үрэл"/1990/ зөгнөлт туужид "...Октябрийн районы...дугаар хороолол, арван тавдугаар байрны II орцны 50 тоот гэхэд хаягийг дахин лавласны дараа дуудлага хүлээн авлаа. Одоохон очно гэж хариулав. Энэ жил түргэн тусламжийн газрыг бүрэн автоматжуулсан гэж сонссон, хэр зэрэг найдвартай ажилладаг юм бол доо..."/Ш-16-3/ гэсэн дүрслэл байна. Үүнээс үзэхэд тухайн цаг үеийн ирээдүйн төсөөлөл нь тэр цаг үеийнхээ үргэлжлэл маягтай байдаг нь харагдана. Энэ нь цаг үеийг мөнхийн өөрчлөгдөхгүй юм шиг андуу сэтгэж, төсөөлж байсныг гэрчилнэ. Харин "Аймшигт туршилт"/1995/ роман нь тухайн нийгмээ хуучин үзэл суртал, үзэл онолын үүднээс бус харин шинэлэг байдлаар ардчилсан шинэ нийгмийг дүрслэн харуулсан нь зохиолчийн үзэл бодол өөрчлөгдсөн нь хэтийн ирээдүйн нийгмийн тухай төсөөлөл нь өмнөхөөсөө өөрчлөгдөх гол хүчин зүйл болжээ. Түүний өмнөх зохиолуудад хамтын үзэл, хамтын өмч, нэг ижил хэвшмэл амьдралтай дүрслэгдсэн бол харин сүүлийн энэхүү романд нь хувийн өмч, ардчилсан нийгэм, бүтээлч бие хүн, чинээлэг, баян эрдэмтнийг гол дүрээ болгосон нь "төсөөлөл" нь өөрчлөгдсөнийг гэрчлэнэ.

Энэ бүхнээс үзвэл монголын зөгнөлт зохиолчдын ирээдүйн тухай төсөөлөл нь шинэ орчин, шинэ мэдээллээр дамжин хувирсан байна.

Эрдэмтэн зохиолч Л.Түдэв нь өдгөө хүртэл зөгнөлт зохиол бичиж байгаа бөгөөд зохиолчийн нийгэмд хандах хандлага, үзэл бодол нь өөрчлөгдөхийн хэрээр ирээдүйн нийгмийн тухай төсөөлөл нь үндсээрээ өөрчлөгдсөн байгааг түүний өмнөх болон сүүлийн үед бичсэн зөгнөлт зохиол, нийтлэлүүдээс нь бүр ч тодорхой харагдана.

"Мөнхийн ус"/1959/ туужид "...Хотын радио хоолойгоор "Өнөөдөр 2000 оны зуны дунд сарын шинийн арван. Бямба гариг. Орчлонгийн уудам зайд байгаа манай нарны аймгаас өөр нарны аймгийг нэгэнт нээсэн тул тэрхүү нарны аймгийг Бархасбадь дээрээс судлах анхны хэсэг эрдэмтэд яг есөн цагт эв хамтын нийслэл Москвагаас "Ленин" гэдэг асар том тийрэлтэт онгоцоор нисэх гэж байна..."/М-18-246/ гэж дүрсэлсэн бол тухайн үеийн төсөөлөл нь "Төл"/KLON//2000/ романд нийгэмд хандах хандлага, үзэл бодлын нөлөөгөөр үндсээрээ өөрчлөгдсөнийг харж болно. Уг роман эхлэхдээ. "...Зургаадугаар сарын хорин нэгний үүр шөнийн зааг дээр ...Нар буцах өдөр нэгэнт эхэлчихсэн байна. Дэлхий нийтийн мэдээллийн сүлжээгээр хорвоогийн хов жив, хэвлэлийн мэдээ, хэл сургийн урсгал тасралтгүй үргэлжлэн яг өдийд бараг л оргил "Тор" шуугиандаа очоод байлаа.

"... "Монгол улсын Ерөнхий сайд Гааг дахь олон улсын шүүхэд дуудагдав. Шалтгаан учир битүүлэг байна" гэсэн мэдээ олон улсын мэдээллийн сүлжээ /интернет/, цахилгаан шуудан /Е мейль/, цахим зурагт /Электрон ТҮ/-аар нэгэн зэрэг хөврөн гарав..."/Т-19-5/ гэх юм уу, мөн "...Улс төр, дипломатын аргаар монгол улс тусгаар тогтнолоо хамгаалах болно..." гэж нэгэн монгол ардчилагч ярьж байгаатай тааралдав..."/Т-19-37/ гэх зэргээр ардчиллын үйл явцын тухай олон талаас нь дүрслэн гаргахыг зорьжээ.

"Мөнхийн ус" туужид дүрслэгдсэн нийгэм нь ямар ч өө сэвгүй, зөвхөн аз жаргалаар дүүрэн байгаа бол "Төл" /KLON/ романд амьдралын жинхэнэ нүүр царайг дүрслэн үзүүлж, нийгэм цаг үеийн өөрчлөлтийн давалгаа, алдаа оноо, сайн мууг хөгжил хөдөлгөөнд нь гаргахыг оролдсон ажээ. Тухайлбал, "Мөнхийн ус" туужид "...Сэргийлэх албаны хурандаа Сонор гуай энэ өдөр дежурлэж байлаа...

-Хурандаа энэ үгийг сонсоод огт итгэсэнгүй. Учир нь дээрэмчин гэдэг аль тэртээ хорьдугаар зууны хоёрдугаар хагаст мартагдсан хэрэг. Тэр ч байтугай эрдэмтэн Ядамын зохиосон "Монгол хэлний их толь"-д хүртэл дээрэмчин гэдэг үгийг мартагдаж хэрэгцээнээс гарсан үг гэж тэмдэглэсэн байдаг юм. Гэтэл эв хамтад хүн ард жаргаж байгаа цагт "дээрэмчин" гарч ирнэ гэдэг чинь юу гэсэн үг вэ..." /Т-18-259/ гэж дүрсэлснээс төсөөлөн буй нийгмээ ямар их гэрэл гэгээтэй байдлаар төсөөлж, таамаглаж байсан нь тодорхой байна. Гэтэл "Төл" романд "бомжаа" буюу "тэнэмэл жаалууд", гудамжны хар яриа, "шовгор" гэх мэтийн бүдүүлэг, этгээд үг хэллэгүүдийг ашиглаж өнөөдрийн нийгмийн дүр зургийг харуулахыг хичээжээ. Энэ нь үргэлж гэрэл гэгээтэй байна гэж бодож явсан төсөөлөл нь цаг хугацааны аяс, бодит амьдралын нөлөө, амьдралын туршлага зэргээс хамааран эрс өөрчлөгдсөнийг олон жишээгээр баталж болно.

"Төл" роман нь монголын өнөөгийн нийгмийн дүр зургийг "өршөөлгүй реализмын ширүүн бийрээр сэртхийтэл зураглажээ. Хичээнгүй Туулын хөвөөнд очиход "...Нэг муусайн таар шуудайгаар оромж шиг юм юмны үүдэнд залуувтар бүсгүй нярайлчихсан, улаан нүцгэн хүүхэд нь бараг л шороон дээр тийчилж нэгэн эмгэн хүйг нь таслах юмгүй бололтой чулуун дээр тавиад өөр нэг чулуугаар нүдэж цус нь нүүр өөд нь үсэрч байхыг хараад миний ухаан балартахад ойрхон боллоо... Тэр хооронд өнөөх хүүхдийн хүйг таслаад нэг муу хуучин хөвөнтэй өмд шиг юмны гуянд хийгээд доод талыг боож, дээд талаар нь манжин шиг шар толгойгоо цухуйлгаж байгаа амьтныг цоорхой эсгий гутал дэрлүүлээд тавьчихсан, дэргэд нь нярайлсан бүсгүй арвайгаад хажуулдчихсан нөөшний лаазнаас үлдэгдэл тосыг нь ууж байгаа харагдав"/Т-19-50/ гэж дүрсэлжээ. Мөн Германд болсон адал явдлыг үзүүлсэн "Хуурамч авгай", "Хуурамч гоомоо", "Нууцын мөнгө", ганзгын наймааны тухай "Хөх торгон цамц", "Хар торгон оймс", "Саарал бээнз" зэрэг бүлгүүд өнөөгийн уншигчдын сэтгэлд хоногшихуйц сонирхолтой"/Х-25-3/ болжээ гэж судлаач Ц.Хасбаатар тэмдэглэжээ.

Мөн уг романаас даяаршлалын үйл явц улам түргэсч буйг энэ романаас ажиглаж болно. Романы үйл явдал Герман, Польш, Орос, Энэтхэг, Канад зэрэг оронд өрнөж байна. Зохиолын эцэст романы гол баатар хичээнгүй Мальдийв нутагт гэр бүлээрээ аж төрөхөөр шийдэв бололтой. Үүнээс уламжлан бодоход мөнөөхөн "Орон бүхний пролетари нар аа нэгдэгтүн! " гэдэг алдарт лоозон зуунаас зууныг дамжин цуурайтсаар одоо "Орон бүхний ард иргэд ээ, нэгдэгтүн!" гэсэн утгаар баяжиж байгааг дээрх зохиолоос харж болох юм. Тиймээс уг романаас шинэ зууны шинэ сэтгэлгээ-даяаршлалын үзэл санаа нэвт шингэсэн байна.

Л.Түдэвийн уг романаас орчин үеийн, өнөө цагийн монголын зөгнөлт зохиолын салшгүй нэг сэдэв нь даяаршлал, хүн төрөлхтний нэгдэн нийлэх професс болох дэлхийчлэл нь зайлшгүй зүйл болж байгаа хийгээд нийгмийн хөгжлийн хурд, түүний сөрөг тал болох ёс суртхууны талыг үнэмшил сайтай дүрслэн гаргаж чадсан нь өнөөгийн манай "нийгэм, ёс суртахуун"-ы сэдэвт зөгнөлт зохиолын нүүр царайг харж болох юм.

Хүний амьдралын туршлага нь зохиолчийн уран бүтээлийн салшгүй нэг хэсэг бөгөөд хүний амьдралд гарсан өөрчлөлт бүр шинэ санаа сэдлийг агуулж байдаг байна. Зохиолчийн "Төл" романдаа шингээсэн үзэл санааг бататгах нийтлэлүүд гэвэл түүний бичсэн "Мэдээлэлжсэн соёл иргэншлийг амдан тосоцгооё"/Дал 2002 ¹143/3//, "Ирээдүйд үгүй болгох юмс"/¹147/1//, "Технологийн зургадугаар хэвшил захиалгаа өгч байна"/¹137/3//, "Ирээгүй мянган жилийн ирэх мянган үйлс"/¹41/ зэрэг олон арван нийтлэлүүдээс нь харж болно.

Мөн "Мөнхийн ус" туужид "... -Хурандаа минь та над итгэж болно. Миний нэр Галдан, овог Данзан 1953 онд Өмнөговь аймаг тэр үеийн Ноён уул сумын нэгдэл, одоогийн Ноён уул коммуны нутагт төрсөн хүн..." гэж дүрсэлсэн ч тэр үеийн төсөөлөл нь өнөөдөр огт өөр, бодит байдал, төсөөллөөр солигдсоныг "Төл" романд дүрслэгдсэн "... -Одоо малчид цөм хувийн аж ахуйтан болчихсон. Хувийнхаа өмчийг өөрсдөө хамгаалах ёстой. Худагтай байна уу, хашаатай байна уу, өөрсдөө л мэдэх хэрэг. Сум багийн засаг даргад хүртээлгүй ..." гэснээс бас харагдана.

"Мөнхийн ус" туужид ирээдүйд болох үйл явдлыг эв хамт буюу коммунист нийгэмд нийгмийн хөгжил, хүмүүсийн ухамсар ямар төвшинд хүрсэн байх бол гэсэн таамаглал, төсөөлөлд тулгуурлан бичсэн бол "Төл" роман нь утга зохиол судлаач Ц.Хасбаатарын тэмдэглэсэнчлэн "... өдгөө, ирээдүй хоёр цаг харилцан нэвчиж уг зохиолын цаг хугацааны орчлыг нэн сонирхолтой болгосон..."/Х-20-3/ ба даяаршил буюу глобал нийгмийн тухай, монголын ардчилсан нийгмийн дүр зургийг 1990 оноос хойш өрнөсөн өөрчлөлт, шинэчлэлтийн олон өнгө аясыг хамруулан бичсэнээрээ "Мөнхийн ус" туужид дүрслэгдсэн хэтийн нийгмийн тухай төсөөлөл нь огт өөр үзэл, онолын үүднээс даяаршлалын тухай төсөөллөөр солигдсон байгааг харж болно. Зохиолчийн оюун санаан дахь өөрчлөлт нь нийгэмд хандах хандлага үзэл онолд үндсэн өөрчлөлт оруулсныг түүний бичсэн "Ирээдүйд алга болох юмс" гэсэн өгүүллээс нь харж болох бөгөөд энэхүү өгүүлэлдээ даяаршлалыг бүр хүлээн зөвшөөрсөн өнгө аясыг шингээжээ.

Дээр дурдсан жишээ баримтаас үзэхэд зохиолчдын үзэл бодол, нийгэмд хандах хандлага, ирээдүйн тухай төсөөлөл нь цаг үеэ дагаад хэрхэн хувирч өөрчлөгдсөнийг тодорхой харахаас гадна хүний төсөөлөн бодох оюуны үйл ажиллагаанд үзэж туулсан амьдрал, нийгмийн хувьсал өөрчлөлт, цаг хугацаа, үзэл бодол нь гол нөлөө үзүүлдэг гэдгийг харж болно.

Монголын зөгнөлт зохиолчид өөрсдийн оюун санаагаар бүтээсэн ирээдүйн тухай нийгмийг хэтэрхий өрөөсгөл дүрсэлж байсан хэдий ч бүгд өөдрөг үзэлтэн байжээ. Тэдний нийгэмд хандах суурь үзэл хандлага нь Марксист - Ленинист философи байжээ. Харин нийгмийн өөрчлөлт нь тэдний үзэл санааг үндсээр нь өөрчилсөн байна.

Ёс суртахууны асуудал зөгнөлт зохиолд


Монголын зөгнөлт зохиолд хүмүүсийн ёс суртахууны байдлыг дүрслэн гаргахдаа нийгэмд хандах үзэл онолын үүднээс бичсэн нь харагддаг. Гэхдээ социалист, капиталист нийгмийг дүрслэхдээ сайн, муу тал гэсэн хуучин үзэл онолын үүднээс нэг дүрд нь сайн сайхны цогц, нөгөө талд нь муу муухай, эсрэг зан чанарын цогцыг багтаан дүрсэлдэг дутагдалтай байжээ. Зохиолч Ж.Галын "Хорт зэрэглээний оронд" роман дахь баатрууд нь ёс суртахууны хувьд 2 янз бөгөөд зохиолчийн үзэл санаа болон нийгмийн үзэл суртлын байдлыг тодруулах үүднээс дүрслэгдсэн байна. Эрвин Нат профессор, доктор Том Девидсон, түүний эхнэр Мели, хошууч Улъям Стокс зэрэг хүмүүс нь ёс суртахуунлаг буюу нийгэмд сайн сайхан үйл хийхийн тулд өөрсдийн ухамсарт амьдралаа зориулж байгаа бол харин АНУ-ын Пентагон буюу тэдний гар хөл бологсод нь ёс суртахууны доголдолтой буюу сөрөг муу талын дүрүүд болгон туйлширсан байдлаар дүрслэн гаргасан байх юм.

"Болор толийн нууц" романд ч хүний ёс суртахууны асуудлыг тусган гаргасан байна. Энд өгүүлэхдээ хүний генийн байгууламжтай нь холбон гаргасан байдаг. Үүний тод жишээ нь Гүнжилмаагийн дүр юм. Гүнжилмаа "гамма-гажиг"-тай. Түүнээс төрсөн хүүхэд төрөлхөөс ёс суртахууны доголдолтой байдаг. Энэ тухай зохиолд "... Ийм маягийн генийн байгууламжтай эр хүйстэй хүмүүс ихэвчлэн хамгийн муу хэргийн эзэд байдаг юм. Тэдэнд орчин нөхцөл, шийтгэл сэнхрүүлэл гавьтай үр дүн өгдөггүй..." /111-р талд/ гээд цааш нь гамма гажигийн шинж чанарыг тодорхойлж ярихдаа "...юм бүхэн улиг домог мэт санагдаж доошоо урсаж буй голыг өөд нь урсгуулмаар санагдах юм уу, ихэнх хүмүүсийн тоож байгаа хувцасны хамгийн зохистой маяг тэрний хувьд уйтгартай санагдаж, хэний ч санаанд ороогүй тийм нэг гажууд юм өмсөөд гудамжны аль их хөдөлгөөнтэй уулзвараар зохицуулах дохио хайхрахгүй ихэмсэг бардам алхалмаар санагдах, тэр өмсөж яваа нь бөөгийн мөргөлийн хувцас байлаа ч ерөөс давтагдашгүй өвөрмөц л бол болох нь тэр..." /111-р талд/ гэж дүрсэлснээс үзвэл ёс суртахууны эвдэрлийг үзүүлсэн нь илт байна.

Тийм ч учраас Гүнжилмаа амьдралдаа буруу алхам хийж хөлбөмбөгчин залуугаас хүүхэдтэй болж эцэггүй хүүхэд төрүүлэх гэж буйгаар үзүүлжээ. Энэ нь түүний ёс суртахууны доголдлын үр дагавар мэт харагдавч түүний цаана Гүнжилмааг жирэмсэн болгоод хаясан тэр залуу нь /хөлбөмбөгчин/ үнэхээр ёс суртахуун, ухамсар дорой байдлаар харуулсан байна. Хүний ёс суртахууны төлөвшилд ген холбоотой боловч өссөн төрсөн орчин, ахуй нь гол нөлөө үзүүлдэг байна. Энэ утгаараа уг зохиолд хүн төрөлхтөн түүхэн хөгжлийн явцад байсаар байгаа ёс суртахууны асуудлыг дүрслэхдээ тухайн үеийн нийгмийн үзэл санаа, коммунист нийгэм дэх ёс суртахуун ямар байх вэ? гэдгийг зөгнөн бичихдээ зөвхөн хайр сэтгэлтэй холбон, өчүүхэн зүйлд анхааран дүрсэлсэн нь зарим талдаа учир дутагдалтай болгожээ.

Энд зохиолчийн дүрсэлсэн ёс суртахууны асуудал нь нийгмийн байгуулалтаасаа шууд хамаарах ба цэвэр ариун ёс суртахуун нь зөвхөн коммунист нийгэмд л байх мэт өрөөсгөл санааг давтаж байсан нь тухайн цаг үеийн үзэл суртлын гол лоозонгийн нэгэн илрэл болж байснаас хэтэрсэнгүй.

Гэхдээ зохиолч тухайн цагтаа энэ дүр дүрслэлээс болж зарим уншигч, шүүмжлэгчээс багагүй зэм хүртэж коммунист нийгэмд байж тохирохгүй ёс суртахуунгүй хүнийг дүрслэн гаргасан гэдгээр буруутгагдаж байв.

Монголын энэ үеийн зөгнөлт зохиолд хүн төрөлхтний ёс суртахуун аливаа бусармаг үйл явдлыг ялан гарах тавилантай юм гэсэн өөдрөг үзлийг илэрхийлсэн сайн талтай боловч хар цагааны дэнсийг хэтийдүүлсэн учраас учир дутагдалтай болдог байв. Харин 1990 оноос хойшхи үеийн зөгнөлт зохиолд хүний ёс суртахууны асуудлыг дүрслэн илэрхийлэхдээ хэтэрхий нэг талыг бариж дүрслээгүй нь уран сайхны туурвил зүйн хувьд ололт байв.

Тухайлбал Л.Түдэв "Төл", Д.Ойдов "Аймшигт туршилт" романуудад ёс суртахууныг тусгахдаа өөр өөрсдийн үзэл байр суурийн үндсэнд тулгуурлан бүтээсэн байна.

"Төл" романд ёс суртахууны асуудлыг тусгахдаа Тэмүүлэн, Хичээнгүй хоёроор төлөөлүүлэн, тэдний маргаан, ярилцлагын хэлбэрээр гаргаж сөргөлдүүлэн гаргахдаа шинжлэх ухааны ололт, түүнээс гарах ёс суртахууны асуудлыг дүрсэлсэн нь сонирхолтой юм. Гэхдээ энэ цаг үеийн зах зээлийн нийгэм дэх хүмүүсийн ааш араншин, ёс суртахууны доголдлыг нээн гаргахдаа Хичээнгүйн эхнэр Сахъяа, хүү Олдох болон гадаадын иргэдийн дүрээр илэрхийлжээ.

Тэмүүлэнгийн үгээр XXI зууны нийгэм, хүний амьдралд ёс суртахууны хямрал болох тухай өгүүлснээр гаргажээ. "Бүх төрлийн үзэл бодол, бүх төрлийн нийгмийн хэвшил формац бүгд хуучирчихаад байна шүү дээ. Баахан "Изм" улиг болон хуучирлаа...Цаашдаа хайр дурлал, үр хүүхэд, янаг хосууд гэхчилэн ойлголт өөрчлөгдөнө... XXI зуун бол бүх дэлхий, бүх хүн төрөлхтөнг хамарсан ёс суртахуун, маралын их хямрал, уналтын зуун болно ...Био эрин гээч юм эхэлж байна" гэсэн Тэмүүлэнгийн үгээр зохиолч ёс суртахууны тухай санаагаа зангидан илэрхийлсэн ажээ. Зохиолч шинжлэх ухааны хөгжил, биотехнологи, биогенетикийн шинжлэх ухаан хөгжихүйн эрхээр хүн төрөлхтөнд бэрхшээл учрах бөгөөд ёс суртахууны хямрал нь биднийг мөхөлд хүргэх юм гэсэн зохиолчийн эмзэглэл уг романд нэвт шингэжээ.

Зохиолч зүгээр хэн нэгнийг ёс суртахууны доголдолтой эерэг, эсрэг дүрээр бус ерөөсөө нийт хүн төрөлхтний өмнө тулгарч буй ёс суртахууны асуудлыг хөндсөн нь бусад зөгнөгчидөөс дэвшилттэй бөгөөд ур чадвар сайтай болжээ.

Ялангуяа Тэмүүлэн, Хичээнгүй хоёрын шинжлэх ухааны талаарх маргаан нь цаанаа ёс суртахууны шийдлийг дагуулж байна. "Доод хэсэг"-ийн Тэргүүн бүлгийн "Эцэг эзгүй хувилбар", "Сольж талбих хувилбар", "Эх зээлдэх хувилбар", "Янаглахуйн төгсгөл", Эцсийн бүлгийн "Хүн ёсны хөмрөл" хэсэгт ёс суртахууны мөн чанар, хүний шинжлэх ухааны нээлт хоёрын хоорондох зөрчлийг харуулжээ. "... Гэвч Хичээнгүйд нэг хүчтэй тал байлаа. Тэрээр аливаа зүйлд ёс суртахууны талаас нь хандах бараг л төрөлхийн гэмээр мэдрэхүйтэй нэгэн байв. Тэмүүлэнгийн нээлт, ололт бүрийн ёс суртахуунгүй талыг нь Хичээнгүй үнэмшилтэйгээр заан шүүмжилнэ. Тэмүүлэн түүнийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүйг ойлгодог. Гэвч шинжлэх ухаан нотолдог, ёс суртахуун зохицуулдагийг тэр бас сайн ойлгоно..." гэж тэр хоёрын ярианы зөрчлөөр аливаа шинжлэх ухааны шинэ нээлт бүр ёс суртахуун буюу хүмүүсийн итгэл үнэмшлийн ширүүн эсэргүүцэлтэй ямагт тулгарч байдгийг уран чадварлаг үзүүлсэн байна. Мөн тэрээр "... -Яагаад тэгж чи баттай хэлж байна? Ферул чанар хуучинсаг үзэл чинь тэгж хэлүүлэв үү? - Тэр ч нэг их хамаатай бус. Ер нь хүн хувилах, төлжүүлэх, хиймэл орчинд үр тогтоон өсгөх гэдэг чинь хүн ёсны мөхлийн ёр юм байна. Гэр бүл, эр эмийн явдал дээр тогтдог хүний нийгмийн хоёр хөлийг тайрсантай адил аюулыг төлжүүлэх туршилт агуулж байгаа юм байна гэдэг дүгнэлтэд чамтай маргасан олон удаагийн маргааны дүнд би хүрлээ. -Тийм ээ! Ёс суртахууны асуудал дээр чинийх зөв. Гэвч XXI зуун бол бүх дэлхий, бүх хүн төрөлхтөнг хамарсан ёс суртахуун, моралийн их хямрал, уналтын зуун болноо!" /320-р талд/ гэж Хичээнгүй, Тэмүүлэн хоёрын маргааны үр дүнгээр шинжлэх ухаан, ёс суртахууны зөрчлийн эцсийн үр дүнг тодорхойлсон нь зохиогчийн ололтын нэг юм.

Угаасаа шинжлэх ухааны нээлтийн ард, зөгнөлт санааг ёс суртахуунтай холбон үзэх нь орчин үеийн шинжлэх ухааны зөгнөлт зохиолын үндсэн шинжийн нэг болсон энэ үед зохиолч зоригтой зөгнөж, сонирхолтой хэлбэрээр үзүүлэхдээ ёс суртахууны философийн мөн чанарыг ч харгалзан үзсэн байна.

Зохиолчийн хэлэх гэсэн нэг санаа нь шинжлэх ухаан, техникийн хувьсгал нь бидний эргэн тойронд бидний сэтгэл дотор "хоосон цөл" бий болгож байна гэж хэлсэн нэгэн эрдэмтний санааг ёс суртахууны талаас нь туйлын үнэмшилтэй гаргаж "XXI зуун хүмүүнлэг энэрэнгүй соёлын зуун болох ёстой, эс тэгвээс энэ зуун ул мөргүй алга болно" гэсэн өрнөдийн эрдэмтний хэлсэн сэтгэл түгшээмээр үгийг баталсан хэрэг юм.

Ерөөсөө хүн төрөлхтний орших уу, эс орших уу гэдэг асуудал шинжлэх ухааны нээлт, техникийн ололт, эдийн засаг, эд мөнгөний хүч чадалт ч бус, ердөө л хүний дотоод сэтгэлийн сайхан, хүний ёс суртахууны мөн чанартай л холбоотой гэдгийг зохиолч олон жилийн өөрийн амьдралын туршлага, мэдлэгээс ойлгож, үүнийгээ уг романдаа нэвт шингээсэн байна. Тийм учраас "Төл" роман нь нийгэм, сэтгэл зүй, ёс суртахууны зөгнөлт роман юм. Энэ санааг гаргахад өнөөдөр хүн төрөлхтний өмнө шийдэл нь бэлэн болсон био эринг сонгон авч түүний цаад ёс суртахууны асуудлыг тусгасан нь манай үеийн зөгнөгчдөөс давуу ололт, тэмдэглэх амжилт мөн.

Д.Ойдов "Аймшигт туршилт" романдаа нийгмийн ёс суртахууны асуудлыг тодорхой дүрслэн үзүүлэхдээ эрдэмтэн Гарьд, Цэнгэл, Алтай гурвын дүрээр хүний эрдэм мэдлэг, оюун ухааны хөгжил нь ёс суртахуун сайхан сэтгэлтэй хослон байж хүн сайн сайхныг бүтээх ёстой гэсэн санааны цогц бол, нийгмийн хөгжил, өнөөдрийн үнэт баялаг болсон мөнгө, эд хөрөнгө нь хүний ёс суртахууныг доройтуулдаг хийгээд хүний мөс чанарыг таниулдаг болохыг Чойжамц, Сэрээтэр, цагдаа Галдан, эмч Бэкей нарын дүрээр илэрхийлжээ.

Ертөнцийн түмэн нууцыг мэдэгч хүн хэзээ нэгэн цагт ёс суртахууны эсрэг үйлийг хийвэл үл бүтнэ. Цэнгэл оюун ухааны өндөр чадварын үрээр өнгөрсөн үеийн нийгэмд бузар булайг мөнгөний төлөө ёс суртахуунаа уландаа гишгэсэн Чойжамц, Сэрээтэр нарын үйлдлийг илчилнэ. Тэгээд түүнээсээ болж олон асуудалд орооцолддог. Энэ нийгэмд ёс суртахуунгүй зарим нэг хүн эд хөрөнгөтэй баян чинээлэг амьдарч, эрх мэдлээ ашиглан гэмгүй шударга ардыг хэлмэгдүүлж байгааг шүүмжилжээ. Чойжамц мөнгөний төлөө эх орноо худалдсан бол эмч Бек мөнгөний төлөө өөрийн сайн багшийгаа худалдаж байгаа нь тэр хоёрын ёс суртахууны мөн чанарыг илэрхийлж байна. Тэд нэгэн цагт ёс бус үйлээрээ түр хожсон боловч ямар ч цаг үед хүн төрөлхтөнд зөв сэтгэл, ёс суртахуунлаг байдал ялан дийлж байх учиртай гэсэн түгээмэл, эрмэлзлийг шингээсэн зохиол юм.

Зохиолч нийгмийн байдалд шүүмжлэлтэй хандахдаа өмнөх нийгмийн зарим үзэл сургаал нь хүмүүсийн оюун санааг хордуулж, хоосруулсан учраас хэлдэг нь олширч, хийдэг нь цөөрч, хүмүүс бэлэнчлэх сэтгэлгээтэй болсон энэ үед өөрчлөн байгуулалт үнэхээр хэрэгтэй, цаг үеийн захиалга байсан юм гэсэн санааг гаргахдаа Чойжамц, Сэрээтэр, Бек, Галдан зэрэг ёс суртахуун нь доголдож, шунал тачаалд идэгдсэн хүмүүс өнгөрсөн нийгмийг маань бохирдуулсан юм гэсэн өөрийн санааг илэрхийлэхийн ялдамд мөн Гарьд, Цэнгэл, Алтай гэх мэтийн сайхан сэтгэлт, шударга хүмүүс ч олон байсан юм гэдгийг тэдний үйл явдлын ээдрээт нугачаагаар сонирхолтой хэлбэрээр илэрхийлсэн байна.

Зохиолын гол баатар Цэнгэл хохимой толгойтны ачаар амь гарч, зүйрлэшгүй баян болж буцаж ирсэн явдал нь бурангуй, бусармаг үйлдлийг хийгч хүн чанаргүй, ёс суртахууны доголдолтой хүмүүсийн үйлдлийг таслан зогсоож, нийгмээ цэвэр ариун болгох, үнэн шударгыг тогтоохын тулд ирж байна. Гэхдээ мөнгө, эд баялаг нийгмийн амин сүнс байх ёстой гэсэн үзлийг шингээсэн байх бөгөөд эд баялгийг зөв шударга зүйлд ашиглах нь хүний мөн чанар, ёс суртахууны шийдэлтэй нягт холбоотой байдаг гэсэн санааг Цэнгэлийн дүрээр гаргажээ. Зохиолд хүн төрөлт бус ч гэлээ оюун ухаант хохимой толгойт амьтны тухай зөгнөж бичсэн хэдий ч тэр бол хүний дээд оюун ухааны төлөөлөл болсон дүр. Үүний үр дүнд Баасан нэрээр буцаж ирсэн Цэнгэлд ертөнцийн амьтны түмэн нууцыг, өөрсдийн оюун ухааны шавхагдашгүй их нөөцийг хүн төрөлхтний сайн сайхны тулд зориулж байгаагаас харагдана. Тэр өөрийн зорилгодоо хүрэхийн тулд баян чинээлэг болсон хэдий ч ёс суртахуун, оюун ухааны өндөр чадамжаараа нийгмийн бузар булайг засахын тулд эд баялагаа зарцуулж байгаагаар зохиолч өөрийн санаагаа тод илэрхийлсэн байна.

Зөгнөлт зохиол аль ч үед бичигдсэнээс үл шалтгаалан ямагт ёс суртахуун, оюун ухаан ялан дийлэх учиртай гэсэн энэрэнгүй үзэл бодол ноёлж байдаг. Манай зөгнөлчдийн зохиол бүтээлд ч энэ нь эн тэргүүний зорилт байлаа. Зохиолч Ж.Гал "Болортолийн нууц" романдаа хүний ёс суртахууны хүмүүжлийг "гамма-гажиг"-аар илэрхийлж, Астандраар хүний генийг засварлаж зөв замд оруулж буй тухай бичсэнээрээ шүүмжлэлд өртөж байсан юм. Уг романд шүүмжтэй хандсан бүх захидал энэ санааг шүүмжилсэн өнгө аяс илэрхийлж байжээ. Хүний их эмч Г.Зуунай, удам зүйч И.Пүрэвдорж "Гамма гажигийн тухайд" шүүмжийн захидалдаа "Энэ бүхнийг уншихад хүмүүжил, зан суртахууны нь доголдолтой талыг хэлж яриахаар "Би угаасаа тийм юм чинь яах вэ дээ" гэж бүхнийг байгалиас заяасан бие махбодид нялзаадаг зарим "гажиг" хүмүүжилтэй хүнийг санагдуулж байна"/З-9-4/ гээд цааш нь "...Хэрэв хүний зан чанар, хүмүүжил ёс суртахууны хэм хэмжээ гагцхүү генийн байгууламжаар шийддэгдэг бол хүнийг хүмүүжүүлэх тухай манай нийгмийн хүний коммунист ёс суртахууны хүмүүжлийн тухай ярихын хэрэг байна уу? гэдэг асуудал гарч ирнэ..." гээд хөрөнгөтний "евгенист" үзэлтэй генетикчдийг даган дууриав гэж шүүмжлээд "...Коммунизм төгс биелсэн байх бүр 2250-иад оны үед ч гэлээ эмэгтэйчүүдийг жирэмсэн болгоод хаячихдаг (зохиолд гардаг хөлбөмбөгчийн тухай ярьж байна) хүмүүжил, ёс суртахуунаар дорой хүн бас байсаар байх болов уу?"/З-9-4/ гэж асуусан байна. Энэ бол тухайн үеийн хүмүүсийн үзэл бодол юм.

Тухайн нийгэмд өв тэгш хүмүүжилтэй хүмүүсийг буй болгохыг зорьж байв. Тийм ч учраас энэ үеийн зөгнөлт зохиолд коммунист нийгэмд ёс суртахуун төгөлдөр баатруудыг, хөрөнгөт капиталист нийгэмд хүний мөс чанар ёс суртахуунаар сул дорой хүмүүс байдаг мэтээр өрөөсгөл дүрсэлж байв.

Зохиолч Л.Түдэвийн "Мөнхийн ус" туужид чухам л хүсэн хүлээсэн ёс суртахуунтай хүмүүсийг дүрсэлсэн байдаг. Тухайлбал, эрдэмтэн Мөнхийн гэрээс "шинэ тан" гэдэг хүнийг залуужуулах эм нь алга болчихдог. "...Нэг удаа Мөнх гуай дөчин мянган төгрөгийн үнэтэй зүрх шинжлэх багажаа, алтан медальтайгаа гээчихсэн билээ. Гэтэл тэр нь хүн хөл олонтой их сургуулийн гудамжинд өдөржин хэвтэж, хэн нэг хүн тойруулан шохойгоор зураад орхисноос өөр яагаа ч үгүй байсан юм. Ер нь хүний юмыг сэм авах бүдүүлэг зан аль эрт устаж, хүний зан ахуй ихээхэн боловсон болсон одоо цагт юм алдана гэж байж болохгүй тул эрдэмтэн алга болсон эмээ яасныг удаан хугацааны турш бодоод олсонгүй..." /255-р талд/ гэж ирээдүйн нийгмийн хүний ёс суртахууны төвшинг илэрхийлэхдээ "дээрэмчин" гэдэг үг хүртэл мартагдсан ёс суртахууны өв тэгш хүмүүжлийг коммунист нийгэм нь олгож байх ёстой гэсэн чин эрмэлзлийн үүднээс дүрсэлсэн нь бий. Гэтэл хүний нийгэм гэдэг бол дан ганц ёс суртахуунлаг хүмүүсээр дүүрэн байдаггүй ажээ. Тиймээс ч зөгнөлт зохиолд энэ бүхнийг өв тэгш байгаасай гэсэн хүсэл мөрөөдлөө тусгадаг ажээ.

Монголын зөгнөлт зохиолд дүрслэгдсэн ёс суртахуун, нийгмийн тухай үзэл баримтлал нь зөвхөн коммунист ёс суртахуун, нийгмийн үндэс болох марксист - ленинист философийн мөн чанарын үүднээс гарган дүрсэлдэг байв. Уг философи нь манай оронд 1990-ээд оныг хүртэл тулгуур үзэл баримтлал болж байв. Гол санаа нь хүнийг өөрчлөхөд хувьсгал чухал хийгээд, коммунист ёс суртахуунтай байхын үндэс нь хувийн өмчийг устгах явдал гэж үзэж, нийгмийн өмчийг дээдлэж байв. Тийм дээ ч "Мөнхийн ус" туужид Амбаа өвөө нийтийн орон сууц буюу зочид буудлын нэгэн өрөөнд амьдарч байдаг билээ. Гэхдээ энд зохиолч зарим зөрчилтэй дүрслэл оруулсан байна. Нийтийн орон сууцанд амьдарч байгаа атлаа Амбаа өвөө хувийн "Үүлэн бор" гэдэг машинтай байдаг. Энэ нь нөгөө бүх өмч нийгмийнх байх гэсэн үндсэн санаагаа зөрчсөн байна. Ийм дүрслэл зарим хэсэгт ч байхаас гадна мөн ёс суртахууны доголдолгүй нийгэм маань сахалт дээрэмчин гэж Амбаа өвөөг нэрлэн айн зугтааж, зарим үед үл хүндэтгэсэн үг хэллэг хэрэглэж байгаа нь зохиолыг зөрчилтэй болгож байна.

Дэлгэрэнгүй   Сэтгэгдэл (1)